Thursday, July 23, 2009

DALAI LAMA

Өнөөдөр » Хүмүүс
Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц: Материаллаг хэрэглээгээ хангасан гүрний иргэд аз жаргалын эрэлд мордоод байна
О.УНДАРМАА (2009-07-23)

Ларри Кингийн ээлжит зочноор Дээрхийн гэгээн XIV Далай лам уригджээ. Тэрбээр шашин хйигээд шинжлэх ухааны тухай юу гэж өгүүлснийг “Өнөөдөр” уншигчдадаа хүргэж байна.

-Та шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрдөг үү?
-Тийм ээ. Би эрдэмтдийг хүндэлдэг.

-Тэднээс айхгүй байна гэж үү?
-Шинжлэх ухаан бодит байдлын учир зүйг судалдаг бол буддын шашин үнэнийг эрэлхийлдэг. Туйлын зорилго нь бараг л адил байгаа биз. Тиймээс би шинжлэх ухааныг ч сонирхдог. Дэвид Боуэн, Вон Вэйзигер зэрэг нэрт эрдэмтэн танилуудын минь дунд цөөнгүй бий.

-Нэгэнтээ Та “Аз жаргалын нууц” нэртэй ном бичиж байсан. Аз жаргалд хүрэх замыг бусдад зааж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Хэлэхэд хэцүү юм даа. Хүн бүрийн байдал, зан араншин харилцан адилгүй ч би дадлага, туршлагадаа тулгуурлан өөрийн номлол гаргасан юм. Туршлагаа бусадтай хувцаалцах гэсэндээ л тэр. Ямартай ч сэтгэлдээ амар амгаланг цогцлоох чадвар, боломж хүн бүрт бий гэдэгт би итгэдэг. Мэдээж түүнд хүрэх арга нь харилцан адилгүй байх болов уу.

-Та гэсэн миний л адил эр хүн. Мөн бусдын л адил хүн. Тэгсэн атлаа яаж уурлахгүй байж чаддаг юм бэ?
-Бухимдах үе цөөнгүй гардаг. Тэр бүрийд “Би чинь Буддын шашны тэргүүн” гэсэн бодлоор өөрийгөө тайвшруулдаг. Тиймээс харьцангуй тайван, сэтгэл хөдлөл багатай байдаг. Тийм байхыг ч хичээдэг.

-Тайван байхын тулд Та бясалгал хийдэг үү?
-Тийм ээ. Сэтгэлээ ариусгаж чадвал бидний мэлмий нээгдэж, ухаан хурц болдог. Зовлон, уй гашуу тохиолдсон үед би хамгийн түрүүнд “Энэ бүхэн юунаас болов? Үнэхээр зовлон мөн үү, биш үү? Энэ бүхний буруутан нь хүн мөн үү, биш үү?” гэдгийг эргэцүүлэн боддог. Хүний дотоод мөн чанар хийж буй үйлтэй нь зөрчилдөх тохиолдол байнга гардаг. Хүмүүс ихэвчлэн түр зуурын сэтгэл хөөрөлд автсанаас гэмтэн болдог. Тиймээс хэрэв та миний л адил аз жаргалыг эрэлхийлэгч бол сэтгэл хөдлөлөө жолоодож сурах шаардлагатай.

-Гэхдээ сэтгэл хөдлөлөө жолоодож сурна гэдэг амаргүй шүү дээ.
-Амаргүй боловч бүтэшгүй зүйл биш. Бясалгал, цаг хугацаа ийм чадварт сургадаг юм. Бид хийсэн буруу үйлдээ уучлал хүсдэг. Энэ бол сэтгэл хөдлөлөө барьж, нигүүлслийг олох арга. Харин бусдын алдааг уучлахгүй байна гэдэг нүгэл болно.

-Дорнынхон төдийгүй америкчууд ч йог, бясалгалыг сонирхох боллоо. Нууц нь юунд байгаа юм бол?
-Материаллаг хэрэглээгээ аль хэдийнэ хангачихсан улс гүрний иргэд аз жаргалын эрэлд мордоод байх шиг байна. Заримдаа бид сониуч зан, шуналдаа хөтлөгддөг ч сүүлийн үед ихэнх хүмүүс сэтгэл ханамж, амар амгаланг хүсэх болж. Тиймээс л хүсэл, сонирхол нь Буддын шашин руу хөтөлж байгаа болов уу. Өнөөдөр буддизм шашин биш бэрхшээлээс гарах арга, техник хэлбэрээр хөгжиж байна.

-Йог ямар нөлөөтэй вэ?
-Йогийн маш олон төрөл бий. Миний мэдэх йогийн төрөл энерги, мэдэрлийн төвүүдэд нөлөөлдөг. Оюун ухаанаараа бие физиологио удирдах нэг хэлбэр юм. Бие, махбодио хүчилж оюун ухаан, сэтгэлээ удирддаг йогийн хэлбэр ч бий. Гэхдээ би хүчилж, албадсан зүйлд ерөөс дургүй.
Хүчилсэн юм бүхэн нөгөөгөө үгүйсгэж байдаг юм. Тиймээс сөрөг үр дагавар ямар нэг хэмжээгээр гарна гэсэн үг. Бүх зүйл уялдаа холбоотой байдаг шүү дээ. Нэгийг нь нэмэхэд нөгөө нь багасдаг. Оюун бодлоо ариусгаж, шударга явъя гэтэл сэтгэл хөдлөлөө үгүйсгэх шаардлагатай болдог. Хайр, нинжин сэтгэл, эелдэг зан гэх мэтийг ч мөн адил.

-Яг л Буддын шашин, йог хоёр шиг үү?
-Тийм ээ. Буддын шашныг йогтой хослуулж чадвал илүү үр дүнтэй гэсэн үг.

-Та нэгэнтээ “Намайг амилсан бурхан шиг бодох хэрэггүй, ах шигээ л сана. Үгүй бол би туршлагаа та бүхэнтэй хуваалцаж чадахгүй нь” гэсэн. Гэхдээ Та амилсан бурхан биш гэж үү?
-Үгүй дээ. Лам гэдэг төвд үг “амилсан будда” гэсэн утгатай болохоор л хүмүүс тэгж ярьдаг байх.

-Гэхдээ Таныг Дээрхийн гэгээн гэдэг. Та гэгээн хүн мөн үү?
-Тэр бол зүгээр л албан тушаалын нэр юм. Найзууд минь хүртэл намайг ер бусын хүн гэж ойлгодог байсан үе бий. Таны хэлдгээр амилсан бурхан, бурхдын хаан, зарим нь бүр ад, зэтгэр ч гэдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ би Буддын шашны энгийн л хувраг хүн шүү дээ. Түүнээс өөр зүйлгүй.

-Таны хувьд аз жаргал гэж юу вэ?
-Сэтгэл ханамж, амар амгалан. Аз жаргалыг хүн бүр өөрийнхөөрөө тодорхойлдог. Нэг хэсэг нь сэтгэл ханамжтай байдлыг аз жаргал гэж үздэг байхад нөгөө хэсэг нь биеийн амрыг аз жаргал гэж ойлгодог. Миний хувьд бие махбодийн тайван байдлыг эрэх нь амьтнаас өөрцгүй гэж санадаг.
Хүн гэдэг оюун ухаантай амьтан. Тиймээс тэр илүү чадвараараа л аз жаргал, баяр баясгаланг бий болгох хэрэгтэй гэж үздэг юм.

-”Зовлон бэрхшээлийн эх үүсвэр нь хийсвэр сэтгэлгээ” гэж хэлсэн тань ямар учиртай юм бэ?
-Би дээр дурдсан. Хүн гэдэг цорын ганц оюунлаг амьтан. Харин тэр хүч нь хийсвэр сэтгэлгээг бий болгодог. Төсөөлөл, уран сэтгэмжийн ачаар бид хүсэл мөрөөдөл, итгэл найдвараар жигүүрлэдэг ч түүний нөлөөгөөр айдас, эргэлзээ, хий хоосон горьдлогод автаж өөрийгөө зовоодог. Тэгэхээр хүний оюун бодол аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь авчрах чадалтай байгаа биз. Гэгээрэл бидэнд оюун санаагаа зөв жолоодох чадвар хайрладаг юм.

-Хүн төрөлхтний хэтийн амьдралын талаар Та ямар бодолтой явдаг вэ?
-Өөдрөг бодолтой явдаг. XX зууныг эргээд харвал бид маш олон зүйлийг хийсэн. Зуун жилийн өмнө дэлхий дахин ямар байсныг сана л даа. Тэр үетэй харьцуулахад хүмүүсийн сэтгэлгээ ариуссан нь ажиглагддаг.
Өнөөдөр хүмүүс хүрээлэн байгаа орчиндоо санаа тавьж, хүчирхийллийн эсрэг тэмцэн, энх тайвны төлөө нэгддэг болж.

-Цаазлах ялын тухай Та ямар бодолтой явдаг вэ?
-Их гунигтай зүйл. Би хуулийн заалтад цаазлах гэсэн заалт үгүй байх ёстой гэж санадаг юм. Үүний төлөө тэмцдэг. Хүн бүрт өөрийгөө өөрчлөх чадвар, бололцоо бий. Тиймээс боломж олгох хэрэгтэй гэж үздэг юм.

-Үүнээс болж бухимддаг уу?
-Заримдаа. /инээв/

-Та их яс сайтай хүн юм аа. Бид нэлээн удаан ярилцлаа шүү дээ.
-Тийм ээ. Нас ахих тусам бие улам л дээрдээд байх юм. /инээв/

-Нууц нь юундаа байна вэ?
-Тэжээллэг хоол идэж, сайн унтаж амарсны ачаар л эрүүл чийрэг явна даа. /инээв/ Үнэндээ сэтгэл санаагаа ариусгах нь хамгийн сайн эм болдог. Эрьүүл мэнд сайжирч байгаа нь эрс мэдрэгддэг шүү.

172 удаа уншигдав.


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай вэб сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй
болохыг анхаарна уу!

Unshigch
Огноо: 23.07.2009 13:32 / Сэтгэгдэл:
Tun saihan bn. Uuniig sain ergetsuulj, ooriinhoo amidrald mordoj yavah yumsan. Mongol tumen min amgalan bh boltugai. Huchirhiilelgui, bie bienee halamjilsan niigem boloosoi bilee.

Таны нэр:

No comments: