Wednesday, November 4, 2009

Энх-Амгалан хаан Галданбошигтоос айдаг байжээ

1

Зохиолч Д..Жамьян Монголын түүх, Монголын их хаадын түүх, Чингисийн алтан ургийн түүхийг олон жил судалж «Чингис хааны мэнгэ», «Хубилай сэцэн хаан» романаа бичиж уншигчдад хүргэсэн бол энэ сарын 26-нд Монгол Улс тунхагласны ойд зориулан «Чорс Галдан бошигт хаан» романаа хэвлэлтэд шилжүүллээ. Тун удахгүй Галданбошигт хаан хувь хүний талаасаа ямаршуу хүн байв, түүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр мэдэх боломжтой болох нь. Зохиолч Д.Жамьянтай түүхэн романых нь талаар хөөрөлдөв.

-Галданбошигт хааны тухай тэр бүр үнэн бодит мэдээлэл байдаггүй юм шиг. Зарим эх сурвалжид буруу ташаа бичсэн нь буй. Та түүхийн судалгааны эх сурвалжаа ямар материалаас голлож авсан бэ?

-Галданбошигт хааны тухай Цолмон гэж эрдэмтэн судалгааны бүтээл бичсэн. Хаадын санд “Галданбошигт хаан” гэдэг ном бий түүнийг уншсан. Адша гэж судлаач энэ хүний тухай бүтээл туурвисан. Их олон сайхан шинэ санаа байсан. Их ч судалсан юм билээ. Өвөрмонголын түүхтэй холбоотой Галданбошигтын сурвалж бичгүүд, Чеченов гэж Халимагийн эрдэмтний судалгааны бүтээл, Заваа Дамдины “Хоржгүнжин”-д Монголын төр, шашны бүрэн түүх гэж үздэг бүтээлийг судалсан. Галданбошигт хааныг яг нас барсны дараа Галданбошигт хаан хувь хүний хувьд их зөрчилтэй хаан. Галданбошигт шиг 21 жил бурханы ном үзээд дараа нь хаан болсон хүн Монголд битгий хэл дэлхийд байхгүй. Их сонин түүхтэй. Төгс гэгээрсэн буддагийн хутагт хувилгаан шүү дээ. Галданбошигт хаан Чингис хааны удмын хүн. Дува сохор гэж Чингисийн дээд өвөг дөрвөн хүүтэй байсан. Түүний нэгний салаа мөчир Галданбошигт, нэгний салаа мөчир нь Өндөр гэгээн Занабазар. Тэгэхээр Өндөр гэгээн Занабазар бол Чингисийн алтан ургийн хүн. Галданбошигт хаан Чингис хааны удмын хүн үүгээрээ ялгаатай шүү. Сайн ялгаж ойлгохгүй бол болохгүй. Өндөр гэгээн Занабазар 1639 онд Монголын анхны Богдоор өргөмжлөгдөж таван настай Түвдэд очсон. Тэнд Дашлхүмбэ гэж Ванчин Богдын хийдэд ном заалгасан. 10 гаруй жилийн хойно 1651 онд Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн зургадугаар хүү Галданбошигт Түвдэд ном сурахаар очсон байдаг. Тухайн үед Галдан ганцаараа очоогүй 108 хүүхдийг лам болгоно гэж Заябандид гэгээн Намхайжанцан хүүхдүүдийг дагуулж очсон байдаг юм. Заябандид гэгээн бол Монголын түүхэнд нэлээн тод том үсгээр бичигдэх хүн. Энэ хүн тод бичиг зохиосон. Сүүлд нь Галданбошигт бурханы сургаалийг тод үсгээр хөрвүүлж үлдээсэн түүхтэй. Галдан хаан түвд, хятад, манж хэлтэй, гурван тамгатай байсан. Түвд үсгийн, Тод үсгийн тамгатай. Тод үсгийн тамга гэдэг нь зүүн гарын хаант улсын хааны тамга, түвд үсгийн тамга нь хувилгаан ламынх нь тамга, нөгөө нэг тамга нь Чингис хаанаас уламжилж ирсэн тамгатай байжээ.

-Галданбошигт, Өндөргэгээн Занабазар хоёр Монголыг баруун, зүүн гээд хуваачихсан гэх ч бий? Тэгээд Халх монголчууд, Ойрад монголчууд нэг нэгэндээ дайсан байсан мэт бичсэн байдаг?

-Тийм биш. Монголчуудыг эв эетэй байлгахад Галданбошигт их чухал үүрэг гүйцэтгэх гэж бодож санаж явсан байдаг юм билээ. Энэ бодол нь бүтээгүй. Халх Монголыг Манж дагаар оруулсны дараа Галдан хаан ялагдаж төгссөн гэдэг. Гэхдээ Галдан төгсөөгүй. Түүнээс хойш 68 жил Зүүн гарын Ойрад Монголчууд Манжид бууж өгөөгүй. 68 жилийн дараа Амарсанаагийн үед Манжийн колони болсон. Миний романд Галдан хааны эхээс мэндэлсэн 1644 оны бичин жил. Тэнгэрт хальсан 1697 оны хоорондын түүхт тэмцлийг харуулхыг зорьсон.

-Өвөрмонголчуудын хийсэн кино “Энхамгалангийн төр” гэж. Тэр киног үзэж байхад Манжийн хаан Энхамгалан Галданбошигтод охиноо өгч байгаа тухай гардаг. Энэ тухай таны романд гарах уу?

-Галданбошигтод Энхамгалан хаан охиноо өгсөн нь үнэн. Гэхдээ албан ёсны хатан болгож аваагүй. Татвар эмсийн хүрээлэнд байлгасан юм билээ. Ану хатан гэж түүхэнд алдартай хатан байдаг шүү дээ. Энэ хатан бол Галданбошигтын их хатан. Өмнө нь Галдан хааны ах Сэнгэ хааны хатан байсан. Монголын хатад уламжлагдаад ах дүүд нь шилждэг ёс байжээ. Хаан болсон хүний хатан болоод явдаг. Ану хатны хувь заяа Мандухай сэцэн хатны хувь заяатай тун төстэй юм билээ. Ану хатан их ухаалаг, хууль цааз, түүх, угсаатны мэдлэг ихтэй. Хошуудын Очирсэцэн хааны хоёр охины нэг Ану гүнж, Ахайдарь гэж дүү нь. Ахайдарь дүү нь ч Галданбошигтын хатан байсан. Чингис хааны Есүй, Есүгэн хоёрыг хоёуланг нь хатнаа болгодог шиг. Эгч дүү хоёр хоёулаа Галданбошигт хааны хатад байсан. Миний романы гол цөм бол Галданбошигт хааны дотоод сэтгэлийг харуулахыг зорьсон. Энэ хүн бол хувилгаан лам хүн. Лам Галданбошигт асар их бясалгадаг, зөн совинтой байсан. Нөгөө талд нь хаан Галданбошигтын бас нэг дүр байгаа юм. Улс орныг дайлна довтолно. Түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг асар их. Анхны их буу буюу гунан бууг хийсэн, анхны төмрийн үйлдвэр байгуулсан. Увс нуурын дэргэд манан чулууны үйлдвэр байгуулсан. Анхны усалгаатай тариаланг үүсгэсэн. Романдаа Монголын түүхэнд энэ хаан юу хийж бүтээгээ вэ гэдгийг голлон харуулж байгаа юм. Хоёрдугаарт түүний оюун санааг голлож харуулахыг зорьсон. Энэ хүний гайхамшигтай гавьяа бол Ойрад Монголын эсрэг Манжийн түрэмгийллийг эсэргүүцэж тэмцэж байсан. 1616 онд Өвөрмонголд Манжууд дагаар оруулсан шүү дээ. Сэнгэ хааныг хорлогдсоны дараа ээж нь Галданбошигтыг дагуулж очиж 1667 онд Зүүн гарын хаан болсон. Өндөргэгээн Занабазар, Галданбошигт хоёр гүн гүнзгий холбоотой. Энэ хоёр Чингис хаантай хоёулаа холбогддог. Нэг нь алтан ургийн нөгөө нь удмынх гэж. Галданбошигт хааны эх Нямгаа хатан, Занабазар гэгээний ээж Ханджамц хатан хоёр Шүхэр дайчны хоёр охиноос төрсөн бүлэнцэрүүд. Шүхэр дайчин гэдэг нь удам угсаа сайтай Торгууд хүн байж. Эхийн талаасаа цусан төрлийн холбоотой. Өөр энэ хоёр хүнийг гүнзгий холбосон нэг зүйл нь бурхан буддагийн сургааль номлол. Нэг хийдэд, нэг багшаар эрдэм заалгасан. Хоёулаа Ванчин богдын шавь нар. 20 гаруй жил бурханы номонд суралцаж гэгээрлийг олсон хутагтууд. Өндөргэгээн Занабазар Монголын анхны Богд. Анхдугаар Богдоосоо Галданбошигт адис авч, мөргөж шүтэж биширдэг байж. Ёс суртахууны хувьд энэ хоёр хүн хоорондоо дайсан байх ямар ч үндэсгүй. Үүнийг зохиолдоо нэлээд гол болгосон. Манжийн хаан Энхамгалан хамгийн их айж байсан хүн нь Галданбошигт. Тухайн үед Түвд, Орос Галданбошигт Манжийг сөрж зогсож буй тэр тэмцлийг ажиж байсан. Галдангийн сэтгэл зүйн хувьд, хүнийхээ хувьд эцэстээ мухардах шинжтэй болсон. Манжид бут цохигдсон. Тэрэлжийн Зуунмод хот гэдэг газар Ану хатан алагдсан. Хамгийн ойр, хамгийн дотно туслагч нь байсан. Тэр хоёр дундаасаа ганц хүүтэй. Тэр хүүг нь Манжийн тал олзолж дараа нь цаазалсан. Галданбошигтыг дайлаар мордох хооронд Зүүнгарын хаанд Цэвээнравдан хаан ширээнд заларсан. Сэнгэ хааны хүү шүү дээ. Ийм олон шалтгаан байсан. Эцэст нь хар бага залуу наснаасаа шашны боловсролыг төгс эзэмшсэн учраас бясалгал, ном гэгээрлийн мөрөөр хорвоогоос хальж байгааг харуулсан.

-Ямар үнэтэй худалдах юм бол. Энэ сонирхолтой номыг бид хаанаас авч унших боломжтой вэ?

-Тоо ширхэгийг нь би сайн мэдэхгүй байна. Сулхан эдийн засагтай болохоор хэвлэлийн газруудад хэвлэх, борлуулах эрхийг нь өгөөд хариуд нь хэдэн хувь ном авдаг юм. Ямар ч байсан Монгол Улсын тусгаар тогтнолын өдөр уншигчдад хүрэх юм.

-Та түүхийн цуврал роман бичиж байгаа гэсэн. Одоо энэ номны дараагийнх нь ямар бүтээл байх вэ?

-Ер нь таван түүхийн роман бичих бодолтой. Гурвыг нь биччихлээ. Одоо Өгөдэй хааны тухай роман бичиж байгаа. Бас Равжаа хутагтын тухай бас нэг ном бичнэ. Энэ бүгд үйл явдал, түүхэн баримтыг үндэслэж байгаа хэдий ч миний сэтгэлгээний шинжтэй бүтээл юм. Дэлхий нийтийн утга зохиолын хандлагыг харахгүй бол болохгүй шүү дээ.

-Манжийн хааны охиныг Галданбошигтод өгөөд хамгийн хайртай хатан байсан гээд байдаг нь түүхэн үнэнтэй нийцэхгүй байнаа даа?

-Яг үнэн нь хатан болгож аваагүй. Би түрүүн дээр хэлсэн татвар эм маягтай байсан. Тэдний дундаас үр хүүхэд төрөөгүй. Галданбошигт хаан Ану хатнаас хүү, охин хоёртой. Өөр үр хүүхэд байхгүй. Охин Юмжихарынх нь хувь заяа түүхэнд тодорхой биш. Ганц хүүг нь Манжууд цаазаар авсан. Ер нь Монголын нууц товчоонд ч тэр эртний хатдын хувь заяа тэдний тухай их бүрхэг байдаг.

-Таны зохиолоор америкууд-тай кино хийнэ гэж дуулдаж байсан тэр чинь юу болсон вэ?

-Миний “Хубилай сэцэн хаан” зохиолоор “Нямгаваа фильм продакшн”, Холливудын алдартай жүжигчин Ричард Гиртэй хамтарч кино хийхээр ярилцаж тохирсон. Одоогоор кино зохиол дээр ажиллаж байгаа. Ямар ч байсан миний зохиолыг судалж байгаа юм билээ. Хубилай сэцэн хаан бол дэлхийн нэвтэрхий толь бичигт байдаг Монголын их хаан. Энэ их хаан бол тухайн үедээ асар том хаан байлаа. Хамгийн наад захын жишээ хэлэхэд 375 хүнтэй ордны төрийн их найрал хөгжимтэй, уран зураг, театр бүгдийг жинхэнэ хөгжүүлсэн. Европд гайхуулж байсан Монголын их хаан. Венецийн худалдаачин Марко Поло, ах дүү хоёр аавтайгаа очиж асар их гайхаад буцаж ирэхдээ Есүс Христийн зулын тосноос авч ирсэн байдаг. 17 жил Хубилай сэцэн хааны дэргэд байсан байдаг шүү дээ. Хубилай хааныг дэлхийд маш их анхаарч судалдаг. Одон орны төв байгуулсан, том усан флот байгуулсан. Дэлхийг соён гэгээрүүлсэн хаан гэж үзэж байна. Аль ч улс гүрэн хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Миний зохиол бол Хубилай сэцэн хааны соён гэгээрүүлэх талыг илүү тусгасан. Хубилай сэцэн хаан Монголын нууц товчоог ханзаар галиглуулж Бээжингийн хааны номын санд авч үлдсэн гавьяатай. Хэрэв Хубилай сэцэн хаан байгаагүй бол нүүдэлчдийн тэр их түүх үлдэхгүй байсан шүү. Энэ их он жилүүдийн дайн тулааны тоосонд үрэгдээд алга болчихыг хэн ч үгүйсгэхгүй. Монголын нууц товчоог бүтэн авч үлдсэн. Хубилай сэцэн хааны түүхэн гавьяа бол Монголыг Хятадын хөлд гишгүүлэлгүй цэврээр нь авч үлдсэн. Өөрөө асар том Юань гүрнийг байгуулсан. Өнөөгийн Хятад улсын үндэс суурийг тавьж өгөөд байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр Хубилай сэцэн хааныг урвагч, хятад талыг барьдаг гэж бичиж байсан хэдий ч өөрөө хэзээ ч тийм байгаагүй. 45 нас хүртлээ морин дэл дээгүүр хийсч байлдан дагуулалт хийсэн. 45 насандаа их 1260 онд Их Монгол Улсын хаан болж 1273 онд 13 жилийн дараа Их Юань гүрний хаан болсон.
Хубилай сэцэн хаанаас хойш яг 108 жил Юань гүрэн 11 Монгол хаан байсан. 11 дахь хаан нь Тогоонтөмөр хаан байлаа. Энэ зохиол маань кино болчихвол сайхан байна. Зохиолыг маань Америкчууд судалж байгаа юм билээ.

Д.Догсмаа

2 Сэтгэгдэлүүд

  1. test asdfasdf

  2. yarisniig unshihad tuuhiin eh survalj nileed unshsan hun bololtoi, buteel ni medeej eh survaljaas undeslesen uchraas unenii huvitai baigaa. tanid amjilt husie. hoishid olon shan tuuhen roman tuurivaarai

Сэтгэгдэл үлдээх

No comments: