БӨХ ГҮНЖ БУЮУ ХОТОЛ ЦАГААН ГҮНЖИЙН ДОМОГ
С.Отгонбаяр
"Монголын их хатдын Нууц Товчоо" номын зохиолч Жэк Уотерфорд саяхан Монголын эзэнт гүрний үеийн гүнжийн талаар бичсэн нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэж байна. Энэ эрхэм "Чингис хаан: Орчин цагийн дэлхийг үүсгэн байгуулагч" номоо дэлхийн 20 хэлнээ хөрвүүлэн хэвлэсэн бөгөөд түүнийг Монгол Улсын Засгийн газар 2007 онд "Алтан гадас" одонгоор шагнаж байжээ.Чингис хаан 1206 онд Монголын эзэнт гүрнийг байгуулсан цагаас хойш Наадам гэж нэрлэсэн үндэсний баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, эрчүүд бөх барилдан хүч бяраа үзэх болжээ.Монгол бөхчүүд цээж хэсэг нь ил гарсан урт ханцуйтай хантааз өмсөн барилддаг аж. Энэ нь өрсөлдөгч бөх нь эрэгтэй хүн гэдгээ илтгэн харуулсан утгатай өмсгөл юм. Барилдаад дийлсэн бөх болгон гараа дээш өргөн шувууны элэн халин нисч буй хөдөлгөөн хийдэг. Энэ хөдөлгөөн нь ялагчийн хувьд ялалтын бүжиг болохоос гадна Монголын түүхэн дэх хүчирхэг эмэгтэй тамирчинд хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ аж. Бөх гүнж буюу нэг ч эрд унаж байгаагүй энгүй хүчтэй гүнжийн түүх байдаг юм.
Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн удам угсааны гүнж Хутулан буюу Хотол Цагаан 1260 онд төржээ. Хубилай хаан Хятадын соёл бүхий тансаг амьдралыг илүүд үзэж байсан бол Хутулун гүнж суурин иргэншлийг тийм ч сайшаадаггүй байжээ. Хутулун гүнж эрүүл чийрэг, биерхүү байсан учир эрийн гурван наадмын төрөл болох бөх, хурдан морь, нум сум харвах тэмцээнд хүч бяраа үздэг байв. Үүнээс гадна баатар эрсийн морьт тулаан зэргийг ихээр сонирхдог байжээ.
Монгол бөхчүүд биеийн жин, хэмжээнээс үл харгалзан хоорондоо барилддагаас гадна барилдах талбайн хувьд хязгаар байдаггүй. Хоёр өрсөлдөгч бие биенийхээ тохой болон цээжин биеийг түрүүлж газар хүргэсэн нь түрүүлдэг уламжлалтай. Жижиг болон ур чадвар муутай бөхчүүд багахан хугацаанд л өрсөлдөгчдөө ялагддаг бол хүч тэнцүү бөхчүүд бие биенийхээ гарыг хориглон барьц өгөхгүйн тулд тэмцэлдэн нэгнийгээ газарт унагаах хүртэлх тэдний тэмцэл хоёр бух, заан ноцолдож байгаа мэт харагддаг.
Хутулун гүнж 14 ахтай бөгөөд тэрбээр хүдэр чийрэг ах нартайгаа ноцолдон өсч, тэднийг хүч бяраар дийлэхийн тулд багаасаа л тэдэнтэй өрсөлдсөөр иржээ. Нас биед хүрсний дараа гүнж олон нийтийг хамарсан тэмцээнд оролцох болж, бөхөөр түүнийг дийлэх хүчтэй эр ховор болжээ. Үүнээс гадна тэрбээр ялагдсан бөхчүүдээсээ морь авч, эд хөрөнгө нь ч нэмэгджээ. Эцэстээ Хутулун гүнжийн малын тоо толгой эзэн хааны малын тоотой тэнцэхээр их болжээ. Хутулан гүнж өөрийг нь унагасан бөхтэй гэрлэнэ гэж зар түгээн харин түүнтэй барилдаад ялагдсан бөхөөс 100 адуу авсаар ийнхүү малын тоо толгой нь 10 мянга гаруй болтлоо өсөн үржжээ.
Монголын овог, аймгуудын дунд Хутулун гүнжийн нэр хүнд түгэн дийлдэшгүй дархан аварга хэмээн цоллогдох болжээ. Хутулун гүнж хүч бяраараа олны хүндэтгэлийг хүртсэнээсээ гадна эцэг Хайду хааны цэргүүдийг удирдан тулаанд орж, ялалт байгуулж байжээ. Түүний эцэг Хайду хаан Хубилай хааны бодлоготой төдийлөн санал нийлдэггүй байжээ. Хутулун гүнж хосгүй чадвартай байсан тэрбээр цорын ганц нь байгаагүй аж. Монгол эмэгтэйчүүд бүгд л эрчүүд шиг моринд гарамгай, нум сум сайн эзэмшсэн байжээ. Эмэгтэйчүүд гар тулаанаас илүү зэвсэг барьсан тулаанд илүү сайн байв. Нум сум харвах хэдийгээр биеийн хүч их шаарддаг ч дайнд гол үүрэг гүйцэтгэдэг. Эртний монгол охид багаасаа л нум сум харвах сургуулилт хийдэг байжээ. Нүүдэлчин монголчууд хөвгүүн охин гэлгүй тэдэнд нум сум харвахыг заадаг байв. Учир нь хүүхдүүд малаа хариулж байхдаа гадны халдлагаас эд хөрөнгөө хамгаалахад энэ чадвар тус болдог байжээ. Хөвгүүд голчлон тэмээ, адуу зэрэг том биетэй малаа хариулдаг бол охид хонь, ямаа гэсэн жижиг малаа хариулдаг байв. Гэхдээ том бод
малаас илүү жижиг бог мал руу чоно халдах нь их байсан учир охид илүү их хамгаалалт хэрэгтэй байжээ.
Хутулун гүнж, тулаан болон спортын аль алинд амжилт гаргаж байсан бөгөөд түүнийг дийлэх эр гарч ирэх хүртэл хүнтэй суухгүй гэсэн хэвээр байжээ. Түүнтэй суухыг хүссэн олон эрчүүд мөрийнд тавьсан адуугаа алдахаас гадна эмэгтэй хүнд унан нэг ёсондоо нэр төрөө гутаадаг байсан аж. Улмаар түүнийг дийлэх эр гарч ирээгүй учир Хутулун гүнжид атаархагчид худал цуу яриа дэгдээн гүнж эцэгтэй цус ойртсон гэж яриа дэгдээсэн байна. Эцгийнхээ нэр хүндийг сэвтээхгүйн тулд Хутулун гүнж аавынхаа итгэлт хүмүүсийн дундаас эр нөхрөө сонгон түүнтэй барилдахгүйгээр гэрлэжээ. Тэрбээр хүнтэй суусан ч гэлээ гүнжийг дийлэх хүчтэй бөх тодроогүй байлаа.
Хутулун гүнж бөхийн дэвжээнд ч тулааны талбарт ч үргэлж ах нараасаа илүү байсан. Хайду хааны хувьд ч гүнж хамгийн хайртай хүүхэд нь байв. Түүнчлэн тэрбээр 1301 онд өөд болохоосоо өмнө Хутулун гүнжийг хаан ширээндээ өргөмжлөх хүсэлтэй байжээ. Харин түүний ах нар үүнийг эсэргүүцдэг байв. Гүнжийн хувьд тэрбээр хаан ширээнээс илүү цэргийн жанжин болохыг илүүд үзэн ах Оруны улс төрийн бодлогыг дэмжин ажиллахаар болжээ. Тэд тийм ч удаан хамт ажиллаагүй бөгөөд Хутулун гүнж 1309 онд 45 насандаа өөд болжээ. Түүний үхлийн талаар тодорхой тайлбар байдаггүй учир улс төрийн хуйвалдааны улмаас амь насаа алдсан гэж ярьдаг байна.
Марко Поло болон лалын орны зарим түүхэнд Хутулун гүнжийн талаар дурсан ярьсан байдаг ч түүхийн манан будан түүний тухай түүх бараг мартагдан алга болжээ. Харин XVIII зуунаас эхлэн энгүй хүчтэй бөх гүнжийн тухай түүхэн яриа сэргэжээ. 1710 онд Францын эрдэмтэн Франсуа Питис де Ла Крой Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны тухай анхны намтар цадигийг хэвлэх үедээ Азийн утга зохиолын сэдэвтэй олон ном, домог яриа гаргажээ. Түүний бүтээлийн хамгийн шилдгийн нэг нь Хутулун гүнжийн түүхээс үүдэлтэй зохиол юм. Тэрбээр зохиолдоо Хутулун гүнжийг Алтан хааны 19 настай Турандот буюу турк охины дүрээр дүрслэн гаргасан байна.
Энэ зохиолд Хутулун гүнжийн бөх барилдах эр нөхрөө сонгох хүсэлтийг нь өөрчлөн гурван оньсого болгон өөрчилжээ. Үүнээс гадна Хутулунд унасан бөхчүүд мөрийнд тавьсан адуугаа алддаг байсан бол жүжгийн зохиолд Турандоттой суухыг хүссэн эрчүүд гурван оньсогыг тааж чадахгүй бол амиа өгдөг аж. Энэ зохиолоос тавин жилийн дараа Италийн нэрт зохиолч Карло Гоззи мөн энэ зохиолоор уран бүтээл туурвин Фредрих вон Шиллер энэ зохиолыг герман хэлнээ хөрвүүлж, Хятадын гүнж Турандот жүжгийг 1802 онд Иоханн Вольфганг вон Гоете Германы Веймар хотын театрын тайзнаа найруулан үзэгчдийн хүртээл болгожээ.
Үүнээс бараг нэг зууны дараа Италийн хөгжмийн зохиолч Гиасомо Пуччини Турандот дуурь дээр 1924 онд өөд болох хүртлээ ажиллажээ. Түүний зохиол нь баатарлаг эмэгтэй бус хайртай хүнээ насан туршдаа хайсан эмэгтэйн түүнийг өгүүлжээ. Пуччинигийн найруулсан Турандот уг уран бүтээлчийн хамгийн шилдэг бүтээлийн нэг болсон бөгөөд энэ дуурийн жүжигт өөрөөсөө дорд гаралтай эрэгтэйтэй суухаас татгалзаж буйг эмэгтэйн түүхийг өгүүлсэн байна.
Өнгөрсөн түүх бидэнд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн хэн нэгийг эргэн сануулдаг билээ. Өрнөдийн соёлд Хутулун гүнжийн домог бардам эмэгтэйн түүх болон үлджээ. Харин монголчуудын хувьд тэрбээр энгүй хүчтэй эмэгтэй бөх, эрэлхэг баатар эмэгтэй гэдгээр үлдсэн юм. Монгол бөхчүүд ялах болгондоо ялалтын бүжгээ хийж байгаа нь Монголын түүхэн дэх аугаа эмэгтэй бөхөд хүндэтгэл үзүүлж байгаа юм. Монгол бөхийн уламжлал болон дуурийн жүжгийн аль аль нь дэлхийн түүхэн дэх хамгийн аугаа тамирчин эмэгтэйн амьдралыг дүрслэн харуулж байгаа билээ.
No comments:
Post a Comment