Толуй /1193-1232/
Чингис хааны гал голомт сахигч отгон хүү. Цэрэг дайныг удирдах талаар эрдэм, чадал хосолсон болохоор хаан эцэг нь түүнийг хажуугаасаа салгахгүй дагуулан явж, олон удаагийн дайн байлдаанд оролцуулав. 1211, 1214 оны Алтан улсыг дайлсан хоёр удаагийн аян дайнд нэгэн салаа цэрэг авч байлдаанд ороод Алтан улсын 300000 цэргийг бут цохин Жүндү хотыг бүсэлжээ.
1216 онд хаан эцгээ даган Алтан улсаас Монгол нутагтаа буцаж ирэв. 1219 онд Чингис хаан Сартуулд аялахаасаа өмнө Есүй хатны сануулгаар гурав дахь хүү Өгөдэйг хаан ор залгамжлагчаар тогтооход Толуй “Мартсаныг нь сануулж, унтсаныг нь сэрээж явна” гэж ахаа эрс дэмжихээ илэрхийлэв. Тэгээд Сартуулыг дайлах дайнд оролцож, өөрөө нэгэн салаа цэрэг удирдан Иран, Афганистан зэрэг орноор байлдан, олон хот сууринг эзэлж авсан байна.
1225 онд хаан эцгээ дагалдан Сартуулаас Монгол эх орондоо буцаж ирэв, Тэр жилээ хаан эцгээ дагаж Тангуд улсыг дайлав.
1227 онд Чингис хааныг нас барсны дараа 1229 он болтол отгон хүүгийн хувиар Монголын төрийг хамаарч, олны сэтгэлийг ихэд татсан ажээ. Хаан эцгийнхээ гэрээслэлийг эрс хатуу баримтлан өөрийн хэлсэндээ хүрч, Өгөдэйг дэмжин хаан суулгалаа.
Толуйн өмч хүртсэн хувь гэвэл: Хархорумаас Онон мөрний эх хүртэлх уудам нутаг, 101000 цэрэг болно. Хар бага наснаасаа эцэг эзэн Чингисээс салалгүй аян дайнд хүртэл хамт явж, хааны цэрэг удирдах арга ухааныг гаргуун эзэмшсэн хүн юм.
1212 онд Алтан улсын Дэший балгасыг байлдан эзлэхэд Толуй хүргэн Чиху хоёр хамгийн түрүүнд хотын хэрмийг даван оржээ.
1219 онд Сартуулын эсрэг аян дайнд Толуй эцгийн хамт явж, Бухар, Самаркандыг эзлэхэд оролцжээ. 1225 онд Чингис хаан хөвгүүддээ газар нутгаа хуваахад Толуйд Онон мөрний эх болон Хар Хорум орчмын нутгийг өгчээ.
1225 онд Чингис хаан Тангуд улсыг дайлахдаа Толуйг авч явжээ. Чингис хааныг тэнд өөд болоход Өгөдэй, Толуй нар дэргэд нь байв.
Тангудыг цэргийн сүр хүчээр цохиж эзлэн авлаа. Буцах замдаа Толуй хүндээр өвчлөн нас баржээ. Гэвч зарим сурвалжид: “Ах Өгөөдэй нь хүндээр өвчлөөд амь насанд нь аюул учирсан үед Толуй өөрийн биеэ ахынхаа оронд өгье” гэж тэнгэрт даатгаснаас Тэнгэр сахиус түүнд өршөөл буулгаж, золио болгосноор тэр гэнэт нөгчсөн гэж тэмдэглэсэн нь бий.
Мөн 1231 онд Өгөдэй хаан Хятадыг дайлж цэрэг буцах замд хүндээр өвджээ. Бөө төлөгчид “Гагцхүү ойр төрлийн хүнийг золио болго ... хэмээхэд, Толуй “Хаан ахын оронд би золио болъё” гэж хэлсэнд, бөө нар бөөлөн залбирч адислан Толуйд ус уулгав. Хоёр, гурав хоногийн дараа Толуй өөд болжээ” гэхчилэн тэмдэглэсэн байх бөлгөө.
Толуй есөн хүүтэй. Түүний хөвгүүдийн дотроос Мөнх, Хубилай нар Монголын хаант улсын 4, 5 дахь үеийн хаан суув. Чингисээс хойшхи Монголын их хаанаар Мөнхөөс эхлэн Толуйн үр хойчис 300 гаруй жил /1251-1634/ өргөмжлөгдөв. Хубилай хаан суугаад эцэг Толуйгаа “Рүизүн хаан” хэмээн нэхэн өргөмжлөв.
Өгөдэй Хаан /1187-1241/
Их Монгол улсын хоёр дахь хаан, Чингис хааны их хатан Бөртэ хатны төрүүлсэн гурав дахь хүү юм. Бага наснаасаа эцэг хаанаа дагалдан Монголыг нэгтгэх дайн, байлдаанд оролцсон бөгөөд эрэлхэг баатарлаг хэмээн алдаршсан ажээ. Чингис хааны амьд ахуйд Өгөдэй нь Ван ханы цэрэгтэй байлдан шархдаж, Алтан улс, Хорезмын эсрэг дайнд оролцож явжээ. 1203 онд болсон Хэрэйдийн Ван хантай байлдсан “Наху өндрийн байлдаан”-д хүнд шархаджээ. 1219 онд Чингис хаан их цэрэг дайчлан баруун тийш Сартуул улсыг дайлав. Энэ дайнд Өгөдэй эцэг хаанаа дагаж мордсон бөгөөд ихээхэн гавъяа байгуулжээ. 1225 онд Өгөдэй хаан эцгээ дагалдан Тангудыг дайлан цохив. 1227 онд Чингис хаан Есүй хатны сануултаар Өгөдэйг хаан ор залгамжлагчаар тогтоон гэрээсэлсэн билээ.
Чингисийн дараа их хааны орыг зүй нь ууган хүү Зүчи залгамжлах ёстой байсан боловч Бөртэ хатан Мэргэдэд олзлогдож байх үед “олж ирсэн хүүхэд” хэмээн Чингисийн алтан ургийнханд шоовдорлогддог байв. Хоёр дахь хүү Цагадай догшин ширүүн зантай, бас түүнийг хаанд өргөмжлөх гэвэл Зүчи эс зөвшөөрөх тул гурав дахь хүү Өгөдэйг их хааны ор залгамжлахыг Чингис хаан өөрөө шийдвэрлэжээ. Ийнхүү 1229 оны намар алтан ургийн ноёд Хэрлэнгийн Хөдөө-Аралд Их хуралдайг хурж, Өгөдэйг хаан сууринд суулгав. Тэрээр “Эцэг их хаан Чингисийн байгуулсан улсыг бүү зовооё, хөлийг нь хөсөр, гарыг нь газар тавиулж, жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг үл зовоохыг эрхэм болгоцгооё!” гэж тангараглав. Өгөдэй хааны үед Алтан улс Ижил мөрний Булгар, Рязаны вант улс, Польш, Унгарыг дагуулав. Алба татварыг эмх цэгцтэй болгох зорилгоор 1229 онд хааны санд хураах “Улсын нэгдсэн алба татварын хууль” гаргажээ. Уургын улааг устгаж, Улсын өртөөг өргөтгөв.
Тэрчлэн нийслэл Хархорумыг өргөтгөж, “Тосох” нэртэй хот байгуулжээ. Мөн говь цөлд худаг гарган, Өнчдийн санг өргөтгөн байгуулав. Өгөдэй хаан хил хамгаалах тусгай цэрэг байгуулсан билээ. Тэр хаан ширээнд суугаад Монголын төрийн зохион байгуулалт, алба, өртөөний талаар хэд хэдэн арга хэмжээ авч, гүйцэтгэх үүргийг улам тодорхой болгожээ. Тэр хаан суудалд гарсаны дараа Чингис хааны үйлсийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг зорьж, гадагш байлдан, 1231. онд Алтан улсыг довтлон, 1234 онд мөхөөсөн байна. 1235 онд Хархорумд ноёдын Их хуралдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан дагуулах хэргийг Зүчийн хүү Батад даалгаж, “Ууган хөвгүүдийн аян дайн”-ыг зохион байгуулжээ.
Энэхүү дайн нь 1242 онд Өгөдэй хааныг нас барсаны дараа сая зогсож, цэрэг эргэсэн байна. Өгөдэй хаан бол өршөөл журам ихт, цэцэн мэргэн хаан байсан ажээ. Ялангуяа түүний өөрийн алдаа буруугаа зоригтойгоор шүүмжилдэг хэв суртал нь сайд, түшмэдэд үлгэр дуурайл болж, тэдний хүндэтгэл хүрээллийг ихэд олов. Тэр хаан суусан хугацаандаа эцэг Чингис хааныхаа үүсгэн байгуулсан хөх Монголын төрийг цэгцлэн мандуулахын төлөө шаргуу чармайж, төр гүрнээ тэнцрүүлэх олон арга хэмжээ авав. Хууль цаазыг чангатгаж, гааль татварыг хөнгөлөх, хууль гарган, боол алахыг хориглон, нийслэл Хархорумыг маш гоёмсог, сүрлэг сайхан хот болгон байгуулж, арилжаа худалдааг ихэд дэлгэрүүлэв. Бас өртөө зам олныг байгуулж, сурган хүмүүжүүлэх талаарх шалгалтын дүрмийг хэрэгжүүлэн, оюутан, сэхээтнийг олноор нь бэлтгэн хүмүүжүүлэв.
Өгөдэй хаан өөрөө архинд шунаж, архи уудаг байсан нэгэн гэмээ шүүмжлэн хэлсэн нь бий. Түүний бие нь тийм ч эрүүл чийрэг биш байв. 1241 оны 11 /12/-р сард Өгөдэй хаан сайд түшмэд нартайгаа ав хийв. Тэр авын талбартаа буугаад шөнөжин архидаж, маргааш өглөө нь нас барсан гэдэг. Тухайн үед 56 настай байлаа. Хубилай, хаан ор залгамжилсаны дараа Өгөдэй хааныг “Дайчин, эрдэмт, гэгээн хаан” хэмээн нэхэн өргөмжилжээ.
No comments:
Post a Comment