Wednesday, September 8, 2010

ЭНЭ ӨДӨР ДОНЫН ДМИТРИЙ ТОХТАМЫШ ХААНЫГ ХАМГААЛАН ТУЛАЛДЖЭЭ

И-мэйл Хэвлэх PDF

"630 жилийн өмнөх түүхт тулалдаан"

С.Энх-Амар

1380 оны 9 дүгээр сарын 8-нд өнөөгийн Туль муж дахь Дон мөрөн болон Непрядва голын хооронд орших Куликовын талд Мамайн тэргүүлсэн Алтан ордны цэрэг, Москвагийн ван Дмитрий / Донын дмитрий хэмээн алдаршсан/ тулалджээ.

14 дүгээр зууны жараад онд Орос дахь Москвагийн ханлиг болон Алтан ордны улс дахь узурпатор /ёс бусаар хаан ширээг булаан авсан/ Мамайн хүчирхэгжилт бараг нэгэн цаг үед быолсон бөгөөд Алтан ордны улсад Мамайг хүчирхэгжин өндийхөд оросын вангууд ихээхэн тус болжээ. Тэд Мамайн өрсөлдөгч Тагайг 1365 онд, харин 1367 онд Булат-Темирийг ялснаар түүний замыг нь засч өгсөн гэж болно.



1376 онд Ижил мөрний зүүн эргээс Мамайд хүчин зүтгэхээр ирсэн Хөх ордын хаан Арапша нь Новосилийн ванлигийг хоослон цөлмөөд Ока мөрнийг гатлан ирсэн Москвагийн ванлигийн цэрэгтэй тулгарахаас зайлсхийсний эцэст 1377 онд Москва-Суздалийн ванлигийн хамтарсан цэргийг Пьяна гол дээр бут цохин Нижегород болон рязанийн ьанлигийг хоосруулжээ.

Харин дараа жил нь 1378 онд Мамай Москвагийн ванлигийн ван Дмитрийтэй шууд тулгаран эрэгчин эмэгчнээ үзэхээр шийдсэн авч түүний ноён Бегичийн цэрэг Вожа гол дээр салам ялагдах нь тэр. Мамай Рязанийн ванлигийг дараа нь хоослон цөлмөсөн боловч 1378-1380 онд ижил мөрний доод урсгал хавийн газар нутгийг Тохтамышд алдсан байна.

1380 оны 8 дугаар сарын 15-нд Коломно хотод оросын ванлигуудын цэргийн цугларалт зарлагдсан байжээ.Зүүн хойд Оросын бүх газар нутгаас цэрэг ангиуд энэ газрыг зорин цувж байв. Суздаль, Тверь, Смоленскийн их ванлигуудын цэрэг ч иржээ.

Ийнхүү орос-татарын зэвсэгт мөргөлдөх болсон шалтаг нь Мамайн зүгээс урьд нь Жанибекийн үед төлж байсан хэмжээнд хүргэн татвараа нэмэн төлөхийг шаардахад нь Дмитрий түүнд татгалзсан хариу өгсөн явдал гэнэ.

Мамай нь литовын их ван Ягайлотой хүчээ нийлүүлэн Москватай тэмцэхийн тулд Ягайлотой Ока голын зүүн эрэгт 9 дүгээр сарын 14-нд нийлэхээр тооцоолсон байна. Энэ нь Дмитрий өмнө нь 1373 болон 1379 онуудад Ока голын хойд эрэгт хамгаалалтын байр эзлэн тус голыг гатлахаасаа болгоомжилно хэмээн үзсэнтэй холбоотой аж.
Гэтэл Дмитрий нь өрсөлдөгчдөө ийнхүү нэгдэн нийлэхээс болгоомжлон 8 дугаар сарын 26-нд Ока голыг гатлан Рязанийн нутаг дэвсгэрт хүрэлцэн иржээ. Ийнхүү Ока голыг гатлах шийдвэр нь зөвхөн Мамайн хувьд санамсаргүй хэрэг болсонгүй гэнэ. Дмитрий Ока голыг гаталсан гэсэн мэдээг оросын хотууд гарцаагүй үхэл рүүгээ хийсэн алхам хэмээн дүгнэж, асар их уй гашууд дарагдсан гэдэг. "Москвад, Переяславльд, Костромд, түүнчлэн Владимир төдийгүй оросын бүх хотуудад Их ван Дмитрий Ока голыг гатлан одсон гэсэн мэдээг дуулаад Москва болоод бүхий л Орос газрыг агуу их уй гашуу нөмрөн авч, гашуун нулимсаа урсган, гашуудан уйлалдах нь сонсдов".

Хамгийн сүүлийн мөчид Новогородчууд их вангийн цэрэгтэй ирж нийлэлдлээ.Оросын цэргийн тооны талаар оросын түүхийн сурвалжуудад бичихдээ Москвагийн ванлигийн 100 мянган цэрэг, түүний холбоотнуудын 50-100 мянган цэрэг цугларсан хэмээжээ. Харин "Мамайгийн тулааны тэмдэглэл"-д 260 мянга эсвэл 303 мянга ч хэмээн дурдсан байдаг бол "Никоновын он дарааллын бичиг"-т 400 мянга ч гэж дурдсан нь бий. Гэтэл нэлээд хожуу үеийн судлаачид Дмитрийн тугийн доор 50-620 мянган цэрэг л цугларсан байх боломжтойгоос шууд Москвагийн цэрэг нь зөвхөн 20-25 мянга байсан ч гэж үздэг аж.
Харин Мамай хэдэн цэрэгтэй байсан бэ? Мамайгийн зөвлөх шадрууд нь түүнд ийнхүү зөвлөсөн гэсэн үг байдаг. "Чиний орд улс хоосорч, хүч чадал чинь суларлаа. Гэвч чамд арвин их баялаг байгаа тул Генуй хотынхон /италичууд/, черкес, ясууд болон бусад ард түмнүүдийг хөлслөе" хэмээж гэнэ. Мөн хөлсний цэргийн тоонд лалууд, буртасуудыг ч нэрлэсэн байдаг аж. Өөр нэгэн мэдээгээр бол Куликовын тал дахь Мамайн цэргийн цөмийг Генуй хотын хөлслөгдсөн явган цэрэг бүрдүүлж, харин морин цэрэг нь жигүүрүүдэд жагссан гэжээ. Бас Генуй хотоос хөлслөгдсөн цэргийн тоо 4000 мянга байсан бөгөөд тэд хөлсөндөө Судакаас Балаклава хүртэлх Крымийн эрэг нутгийг авсан гэдэг аж.

Тэр цаг үеийн Алтан ордны улсын цэргийн тоо толгойн талаар 3 түмэн цэрэгтэй байсан / 1362 онд Хөх Усанд болсон тулаан болон Куликовын тулааныг Мамай нь толгод дээрээс 3 түмтийн ноёнтойгоо ажиглан харж байсан гэсэн мэдээ/, эсвэл 4 түм / 1340 онд Галиц руу хийсэн Узбекийн довтолгоон/, 5 түмэн / 1328 онд Тверийг эзлэн сөнөөсөн болон 1378 оны Вож гол дахь тулаан/ цэрэгтэй байсан гэсэн 14 дүгээр зууны үеийн мэдээ байдаг. Гэтэл Мамай нь улсынхаа зөвхөн баруун хагаст л ноёрхож байсан бөгөөд Вож гол болон Куликовын тулалдаанд бараг бүх цэргээ алдсан гэдэг. Харин 1385 онд Тохтамыш нь Тавриз руу довтлохын тулд Алтан ордны улсын бүх нутгаас ердөө л 90 мянган цэрэг хуралдуулж чадаж байсан гэх. Гэтэл дээр дурдсан "Мамайн тулааны тэмдэглэл"-д тэрбээр 800 мянган цэрэгтэй байсан гэсэн нь асар хэтрүүлсэн тоо гэдэг нь ойлгомжтой юм.
Тулалдаан болсон Куликовын тал нь Дон болон Непрядва голын хооронд оршино. "Мамайн тулааны тэмдэглэл"-д дурдсанаар бол орос цэргүүд Исус Христийн хөрөг бүхий хар тугийн доор жагссан гэнэ. Харин 8-ны өдрийн өглөө ихээхэн манантай байснаас 11 цаг хүртэл орос цэргүүд бүрээ бишгүүрээр хоорондоо харилцан жагссан хэвээр хүлээв гэнэ. 12 цагт монголчууд Куликвын талд гарч ирснээр толгойн хэд хэдэн анги мөргөлдсөний дараа татар монгол Челубей / Телебей ч гэдэг/ Тройц-Сергиевийн сүмийн лам Александр Пересвет хоёрын алдарт ирүүл тулаан болсон байна. Тэд хоёулаа биесээ хөнөөсөн хэдий ч Пересветийг морь нь оросын цэргүүдэд хүргэсэн бол Челубей нь эмээлээсээ ховхрон унаснаас тулааны газартаа хоцорсон байна.

Тулаан маш ширүүн болсон тул шастир судруудад бичсэнээр бол "хүүрээр дүүрсэн тул морьд урагшилж чадахгүй байсан гэжээ. Монголчууд оросын зүүн жүгүүр рүү эрчимтэй дрвтолсноор тэд тэссэнгүй ухарснаас гол хүчнээсээ тасран Непрядва гол руу зугтаажээ.татарууд тэднийг мөрдөн хөөснөөр оросын гол хүчний ард нь гарах аюул үүсч, оросуудын жагсаал эмх цэгцээ нэгэнт алдаж голд шахагдсан аж. Зөвхөн баруун жигүүрт л оросууд монгролчуудын довтолгооныг тэсч тогтоож байв. Харин мөрдөн хөөсөн монголчуудын араас отож байсан оросын морин цэрэг довтолсноор тулалдааны үр дүнг шийдвэрлэж орхижээ. Монголын морин цэрэг голд шахагдан улмаар устгагдсан байна.

Алсаас тулааныг харж зогссон Мамай бүгэж байсан оросын цэрэг довтлон тулааны хувь заяаг шийдвэрлэмэгц цөөн цэргийн хамт ухран зугтав. Иймээс удирдлагагүй болсон татарууд ч дутаан оджээ. Шастир судр уудад татаруудын хохирлыг хэт ихэсгэн бичиж, 800 мянга бүүр 1,5 сая ч хэмээсэн нь ч бий.

Алтан ордны улсын гол хүчийг бут цохисон нь түүний цэрэг болон улс төрийн гоёрхолд ноцтой цохилт болжээ. Куликовын ялалт нь Москвагийн дорнод славянчуудын нэгдэн сэргэлтийн зохион байгуулагч, үзэл санааны төв болох байр суурийг бэхжүүлж өгчээ. Харин Алтан ордны улсын хувьд гэвэл энэ ялагдал нь ердөө л Тохтамыш хан гэсэн цор ганц захирагчийн эрх мэдэл дор нэгдэн хүчирхэгжих үндэс нь болсон байдаг. Мамай нь Крым орж үлдэгдэл хүчээ нэгтгэн эргэж Орос руу довтлохыг санаархсан боловч Тохтамышид бут ниргүүлжээ. Куликовын тулаанаас хойш Орд Орос орон руу довтолсоор байсан бөгөөд ердөө хоёр жилийн дараа 1382 онд Тохтамыш Москваг дахин шатаан түймэрдсэнээр оросууд нөгөө л өгөхгүй хэмээн эсэргүүцэн тэмцэж байсан татвараа дахин төлөх болсон билээ. Түүнээс бараг хоёр зууны дараа ч бүүр Догшин Иваны үед ч Крымийн Орд 1571 онд Москваг шатааж байлаа.

Оросын нэрт түүхч С.М.Соловьёв Азийн ээлжит довтолгооныг зогсоосон Куликовын тулалдаан нь ач холбогдлоороо 451 оны Каталауны тал дахь тулалдаан болон 732 оны Пуатьегийн тулалдаан баруун европын хувьд ямар ач холбогдолтой байсан шиг үүргийг дорнод Европт үзүүлсэн хэмээн дүгнэсэн байдаг.

Харин Л.Н.Гумилёвын Евроазийн хандлагыг баримтлагчид Мамайг / түүний цэрэгт Крымаас ирсэн италийн Генуй хотынхон тулалдаж байсан/ дайсагнагч баруун Европын худалдаа болон улс төрийн ашиг сонирхлыг илэрхийлэгч гэж үзсэн бөгөөд харин Москвагийн цэрэг нь Алтан ордоны улсын цор ганц хууль ёсны захирагч Тохтамышийг хамгаалан туллалдсан гэж үздэг ажээ.






No comments: