Sunday, September 6, 2009

ӨЛЗИЙТ ХУН ГОО


Монголын Түүхийн Нэгэн Гашуун Хэсэгээс: Өлзийт Хун Гоо Бэйж

Монголын Их Юань гүрний сүүлчийн их хаан Тогоон Төмөр Бээжингээс хөөгдөн гарсанаас хойш Монголын бага хаадын үе эхэлж цагаан хэрмээс хойшхи газарыг Ар Юань, Хойт Юань улс хэмээх болов. Энэхүү Ар Юань улс хэмээх болсон нь ихэд учиртай бөгөөд Монголын хаад ноёдууд Юань улсыг унагаан бий болсон Хятадын Минь улсыг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөөгүй ба, Их Юань улсын нэгэн хэсэг гэж үзсээр байсан тиймээс цагаан хэрмээс хойшхи нутгаа Ар Юань хэмээгээд хэзээ нэгэн цагт Хятадыг эзлэн авч Их Юань улсаа сэргээн байгуулахыг хүсч байжээ.

Энэхүү дор бичигдэх өгүүллийг бага байхдаа ахмад хүмүүсийн амнаас зохиомол үлгэр домог мэтээр ойлгон сонсдог байсан л даа, гэтэл энэ явдал нь үнэн бодит болсон явдал бөгөөд Монголын түүх сударт бичигдэн үлдсэн байдаг аж.

Ар Юань улсын хаан (1392 - 1399) Элбэг Нигүүлсэгч хаан нь нэрэндээ огтхон ч зохицоогүй мунхаг ухаант, шунал тачаал хязгааргүй бас харгис догшин нэгэн байсан ба түүний чухам тийм л зан чанар үйл ажиллгаа нь өөрийг нь мөхөлд, эзэнт улсыг нь сүйрэлд авчирсан юм.

Элбэг хаан нэгэн өдөр ан хийж яваад туулай харван алсан бөгөөд агнасан ангийнх нь цус шинэхэн цасан дээр дуссаныг хараад "ийм нэгэн цасан цагаан царайтай цусан улаан хацартай үзэсгэлэн гоо эхнэртэй болохсон, ер ийм үзэсгэлэнт бүсгүй байдаг болов уү " хэмээсэнд түүний хамжлага болох ойрд аймгийн Чуцай Дарчу хэмээх эр "хаантан минь таны дүүгийн чинь эхнэр Өлзийт Хун Гоо Бэйж үүнээс ч хол илүү үзэсгэлэнтэй нэгэн билээ " гэжээ. Хаантан өгүүлрүүн " Би түүнийг үзсүгэ, Чуцай Дарчу хэрэвээ чиний хэлсэн үнэн бол би чамд чинсан захирагч цолыг олгож дөрвөн ойрдын тэргүүнээр тавина " гэжээ. Үүнийг сонссон Чуцай Дарчу хааны дүү тайшийг эзгүй хойгуур эхнэр Хун Гоо Бэйж дээр орон хаан таныг хүсэмжилж байна хэмээсэнд Хун Гоо Бэйж "тэнгэр газар хоёр нийлдэг билүү, хаан хүн дүүгийн эхнэрийг хүсэмжилж яахин болно, зэрлэг ноход мэт авирлан дүүгээ хөнөөх болохуу " хэмээжээ. Чуцай Дарчу хаанд очиж Хун Гоо Бэйжийн хэлсэнийг дамжуулсанд хаан ихэд уурсч дүүгээ хөнөөгөөд эхнэрийг нь өөрийн болгов.

Түүнээс удалгүй нэгэн өдөр хааныг шонхор шувуугаар зугаацан ан хийж явахад нь Чуцай Дарчу хаанд амалсан амыг нь сануулж чинсан цолыг хүртэж дөрвөн ойрдын удирдагч болох хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Энэ яриаг дам сонссон Хун Гоо Бэйж хуучин нөхөрийн зарцыг илгээн Чуцай Дарчуг өргөөндөө урьж авчираад жирийн нэгэн тайшийн бэйжээс их хааны хатан болж их нэр сүр хүндэтгэлийг хүлээх болсон нь таны ач, танд би их өртэй хүн хэмээн мөнгөн аяганд хийсэн исэг ундааг өргөн барьжээ. Чуцай Дарчу ундааг уусны дараахан согтон ухаан самууран унасан ба Хун Гоо Бэйж үс гэзгийг сэгсийлгэн бие цээжээ самардан урж чанга дуугаар уйлсанд олон хүн цуглан иржээ. Хун Гоо Бэйж Чуцай Дарчуг дайлан исэг ундаа өгсөнд Чуцай Дарчу ухаан самууран хатанд зүй бус үг хэлийг хэлж, бие цогцсонд халдан чангаав хэмээжээ. Үүнийг сонссон Чуцай Дарчу гарч гүйгээд морио унан зугтаав. Энэ үед хүрэлцэн ирээд байсан Элбэг хаан Чуцай Дарчу зугтан зайлж байгаа нь буруутайн баталгаа бусуу хэмээн түүний араас өөрийн биеэр элдэн хөөж ингээд хаан хамжлагат зарц хоёрын хооронд халз тулаан өрнөсөн байна. Чуцай Дарчу хааныг харваж шархдуулан чигчий хурууг нь гэмтээсэн боловч өөрөө алуулсан байна.

Хаан хутган үймүүлэгч хорон санаат Чуцай Дарчугийн арьсыг хуулан аваад гэртээ ирж эхнэртээ үзүүлсэнд Өлзийт Хун Гоо Бэйж Чуцай Дарчугийн хуулсан арьснаас дусалж буй тосыг нэг долоож, мөн хааны шархадсан чигчий хуруунаас дусалж буй цусыг нэг долоож амтлан үзээд "би эр нөхөрийнхөө өшөөг авах гэж удаан хүлээсэн билээ, энэрэлгүй догшин хаан, хорон санаат хутган үймүүлэгч хоёрын цус тосыг амтлан үзэв, одоо би үхсэн ч гомдолгүй" хэмээжээ. Мунхаг хаан хорон санаат "үнэнч " зарц Чуцай Дарчугаа хилс хэрэгээр алсанаа мэдсэн боловч хатныхаа гоо үзэсгэлэнд биширсэн тэрвээр огтхон ч уурссаагүй аж. Элбэг хаан Чуцай Дарчугийн хүү Батулайг дуудан ирүүлж эцгийг тань хилсээр хөнөөсөн байнам гээд түүнд чинсан цолыг олгож дөрвөн ойрдын захирагчаар томилсон төдийгүй өөрийн охин Самир (Самур) гүнжийг эхнэр болгон өгчээ. Сонирхолтой нь энэхүү адал явдалтайгаар бий болсон хааны охины бэр бэлэн очсон шинэхэн гэр бүлээс хожим Монгол ойрдын түүхэнд чухал байр суурийг эзлэх угсаа залгамжилсан ноёдууд төрсөн юм.

Хааны энэхүү харгис хэрцгий, шунал тачаалт авир зүй бус үйлдэл нь бусад нөлөө бүхий ноёдууд хамжлага албат ардуудын дургүйг хүргэснээр олон овог аймгууд түүнийг орхин одсон гэжээ. Элбэг хаан хэдийгээр Монголын баруун хязгаар, ойрдуудыг эрхшээлдээ байлган хожим хүргэн хүү Батулай чинсангаар (өөрийн охин Самир гүнжийг түүнд өгсөн) захируулсан боловч түүнд дургүйцсэн Монгол ойрд ноёдууд үгсэн цэрэглэн ирж түүнийг алсан юм. Түүхэнд бичсэнээр Элбэг хаанд дургүйцсэн их хатан нь (Өлзийт Хун Гоо Бэйж биш) бусадтай хуйвалдан түүнийг хөнөөсөн гэжээ.

Манай эртний түүхэнд хатан зоригт, чин сэтгэлт, оюун билэгт, ариун журамт олон Монгол бүсгүйчүүдийн талаар бичигдсэн байдаг бөгөөд энэхүү Өлзийт Хун Гоо Бэйжийн түүх нь Монгол бүсгүйн ялгарам үзэсгэлэн гуа, эр нөхөрөө хайрлах хязгааргүй хайр, үнэнч сэтгэл, ариун журам, шийдмэг зоримог, халшрашгүй зан чанарыг тодоос тод харуулан нэгэн хэсэг юм.

1 comment:

zahrstudent said...

saixan niitlel boljee. unshigch