Tuesday, October 13, 2009

ХҮҮХЭД УГААХ, НЭР ӨГӨХ ЁСЛОЛ

Хүүхэд угаах, нэр өгөх ёслол

Монголчуудын хүүхэд төрүүлэх, хүмүүжүүлэхтэй холбогдсон зан заншлыг угсаатны зүйн утга зохиолд бараг судлаагүй гэдэг. Гэтэл Монголчууд эртнээс нааш үр хүүхдээр өнөр өтгөн байхыг хичээж иржээ. Үүнээс үүдэн
Мөр зохитугай
Мөндөл шиг олон хүүхэдтэй болтугай
Үрээ танихгүй өнөр бол
Үрээгээ танихгүй баян бол
Хандгай буга харвах хүүтэй бол
Халиу булга эсгэх охинтой бол
гэх мэтийн бэлэг дэмбэрэлийн үгс ихэд дэлгэрчээ. Энэ мэт хоорондоо төстэй олон ерөөлд үр хүүхэд бол хүний гол баялаг, аз жаргал, удам угсааг үргэлжлүүлэгч гэсэн үндсэн санааг илэрхийлдэг байна. Монголчууд дээр үеэс олон хүүхэдтэй эцэг эхийг онцгой хүндэтгэсээр иржээ. Үр ачгүй хоцорно гэдэг удам угсаа тасарч, гал голомт унтарна гэсэн үг. Хэрвээ хүн үр хүүхэд үлдээлгүй үхвэл түүний тухайд “Гал голомт нь унтарлаа” гэж ярьдаг байна. Тэр ч бүү хэл хамгийн муухай хараалд “Гал голомт нь унтраг” гэсэн үгс ордог байжээ. Хүүхэд үрчилж авах нь ч дээрх үг ярианаас үүдэлтэй аж. Монголын хүн ам цөөрөх хандлагатай болоод байсан үед хүүхэд үрчилж авах явдал нэлээд дэлгэрсэн гэдэг.

Эрэгтэй хүүхэд төрнө гэдэг айл гэрийн хамгийн их аз жаргал, нэн чухал үйл явдал байсан. Одоо ч энэ явдал уламжлагдсаар ирсэн. Эцэг эх нь хүүгээ ирээдүйн өв залгамжлагч, ирээдүйн эзэн, удам угсааг үргэлжлүүлэгч гэж үздэг.

Монголчууд эрт дээр үед хүүхдээ хүндэтгэж, төрөөд 6-7 хономогц найр хийж, хонь мал төхөөрч айл хотол ах дүүсээ зочилдог байна. Зочдод гэдэс дотор, хөшиглөсөн мах, өөх чихсэн үнхэлцэг, сүүл чанаж өгдөг. Зочид цайлж дууссаны дараа эх барьсан хүн нь хүүхдийг бүлээн сүүгээр угааж ээжид нь өгч манцуйлуулдаг аж. Үүний дараа ирсэн хүмүүс тэдний дотроос эх барьж авсан хүн нь хүүхдэд бэлэг өгдөг. Эмэгтэйчүүд өлгийн зүйлс, гэрийн малын элдсэн арьсаар хийсэн баривч, цамц бэлэглэдэг. Баян чинээлэг байхыг ерөөж тэдгээр хувцсан дээрээ мөнгөн зоос хаддаг байна. Ойрын төрлийнхөн нь голдуу тугал, хурга, унага бэлэглэх, тэдгээртэй тэнцэх хэмжээний эдээр шинэ хүнийг мялаадаг аж. Мөн хүүхдэд өгдөг онцгой бэлэг нь хуйтай хутга, нум сум, эмээл хазаар байжээ.

Хүүхдэд бэлэг сэлт өгсний дараа нэр өгнө. Ингэхдээ хамгийн ахмад настэй, эсвэл хүндтэй хүнээс нэр хайрлахыг хүүхдийн эцэг нь хүсдэг. Энэ хүндэтгэлийг хүлээсэн хүн хүүхдэд нэр өгч баруун чихэнд нь гурвантаа шивнэж хэлнэ. Үүний дараа зочдод дахин цай барьж, эцэг эх нь шинэ төрсөн хүүхэддээ ерөөл дэвшүүлснээр хүүхэд угаах ёслол өндөрлөдөг байна.

Дашрамд дурьдахад, Монголчуудын нэр нь гарал болон утгаараа өвөрмөц юм. Энэ нэрийн тухай эрдэмтэн судлаачид зохиол бүтээлдээ нэг бус удаа бичиж тэмдэглэсэн байдаг. Тэдний баталснаар жишээлбэл “Монголын нууц товчоо”-д жинхэнэ Монгол угсаа гарлын 400 орчим нэр байдаг аж. Хожим шарын шашин Монгол дэлгэрэх үеэр төвд гаралтай бурхан бодисад, шүтээн сахиусны нэрээр хүнийг нэрлэх явдал элбэгшсэн байна. Жишээлбэл Туваан гэдэг нь чадагчийн эрхт бурхан шагжамуны, Содов гэдэг нь хүлцэнгүй, Жамба нь асрагч Майдар бурхны, Жадамба нь найман мянгат шүлэгтэй номын, Молом нь ерөөл, Зундуй нь хичээнгүй, Довдон нь хүн төгөлдөр, Мядаг нь цэцэг, Готов нь хуяг, Дунгар нь цагаан лавай, Намхай нь огторгуй, Дамба гэдэг нь дээд гэсэн утгыг илэрхийлдэг байна. XX зууны эхэн үед төрсөн ахмадуудын нэрс нь төвд буддын шашны гаралтай нэр зонхилсон байдаг аж.

Монгол хүний нэр дотор төвд, санскрит, монгол-санскрит, монгол-төвд хоёр үгээр бүтсэн нэр олонтоо тохиолддог байна. Гэхдээ зарим тохиолдолд аль аль нь ижил утгатай үгээр, мөн холимог нэр ч цөөнгүй байдаг аж. Жишээлбэл, Рагчаасүрэн гэдэг нэр нь ракша гэсэн санскрит, сүрэн гэсэн нь төвд үгнээс бүтжээ. Сүүлийн үед хүний нэрийг бүтсэн үг, утга, урт богиноос нь зан аашийг тодорхойлж тайлбарлах болсон. Энэ нь Монголчуудын эртнээс нааш баримталж ирсэн бас нэгэн зан үйлд зүй ёсоор тооцогддог байна.

No comments: