Sunday, October 18, 2009

ҮЗЭМЧИН



ҮЗЭМЧИН

Үзэмчин бол Монгол угсаатан. Үзэмчин гэдэг нэрийн гарлыг ,, үзэмтэй ,, газраас нүүн ирснээс тэгэж нэрлэсэн гэх буюу ,, үзмэрч, төлөгч ,, байснаас ийм нэр олсон гэх ба ,, үзүүртэй, хурц шулуун ,, гэсэн утгатай гэсэн үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг.
Түүхчдын судалснаар Үзэмчин нар нь Батмөнх Даян(1464-1543) хааны харъяат ,, зургаан түмэн ,, буюу ,,зургаан их улс ,,-ын зүүн гурван түмний бүрэлдхүүнд багтаж байсан байна. Үзэмчин нарын угсаа гарлын хувьд чухам хэн бэ? гэсэн асуудал өнөө хир тодорхойгүй боловч эд, оюун соёлын нэлээд зүйлийн хувьд Ойрад Монголтой угсаа соёлын арай ойр дөт болох нь ажиглагддаг.
ХVI зууны дунд үе хүртэл Ойрад Монголчуудтай айл хөршийн ёсоор нутаглаж байгаад, баруун түмний зонхилогч Алтан (1507-1582) ханы газар нутгаа тэлэх гэсэн түрэмгий бодлогоос ихээхэн хохирол үзэх болсон зүүн түмний захирагч нар гол түмэн болох Чахар (Цахар)-ыг авч Хангайгаас говийг гатлан Шар мөрний хойгуур Шанага боомтоос баруун Молташ хаалганаас зүүн тийш шинэ газар орныг эзлэн суух болсон. Энэ их нүүдэлд Үзэмчин нар оролцож улмаар өнөөгийн нутагтаа аж төрөх болжээ.
Харин түүхийн баттай сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу хааны 16-р ач Төрболод (Батмөнх даян,Мадухай Цэцэн хатан нарын хүү)-ын хүү Боди-Алаг(1504-1547) хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэмшлийг ,, үзэмчин ,, гэж нэрийдэн, баруун зүүн хоёр гар болгон хуваан, баруун гарыг ,, Их ,, , зүүн гарыг ,, Бага ,, үзэмчин болгожээ. ХVI-XVII зууны заагт Халхын Сэцэн ханд захируулжээ. Дараа нь Өвөр Монголд харъяалагдаж байгаад Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.
Ийнхүү Үзэмчин нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харъяанд баруун, зүүн хошуу хэмээх чуулганд хоёр хэсэг болон суурьшсан бөгөөд 1945 оны өвөл тэдний нэг xэсэг нь БНМАУ-д нүүн шилжин ирж дагаар орж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирснээс гадна баруун хошуунаас цөөхөн өрх айл иржээ.
Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан Дорж ноёны албат явсан зүүн үзэмчин нар 1946 онд шинэ засаг захиргаатай болж, Хэрлэн, Баян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд харъяалагдах болсон байна. Нөгөө хэсэг болох баруун үзэмчин хошуунаас ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суурьшжээ. Нийт 2000 оны хүн амын тооллогоор 2386 үзэмчин нар бүртгэгдсэн байна.
Үзэмчиний дотор халх, өвөрлөгч, барга гарлын нилээд тооны овог бий. Үүнд:
1. Хавхчин
2. Дөрвөд
3. Хайс
4. Түмчүүд
5. тэмээчин
6. Халчууд
7. Авгачин
8.Урайнхай
9. Баргачууд
10. Боржигод
11. Бухшалжууд
12. Биргачууд
13. Хатагин(хардал)
14. Өвчүүчин
15. Галжуувариад
16.Чилингэр,
17. Бууралтан,
18. Баргажин
19. Xасаг
20. Борнууд
21. Бурга
22. Ухай
23. Ожоон
24. Цагаан аймаг гэх мэт олон байдаг.

Үзэмчин нар нь Цагаан идээний хувьд тараг бүрдэггүй байсан. Шашин шүтлэгийн хувьд сүлд шүддэг байснаараа онцлогтой ба дээлийн нударгыг ,, туухай ,, эсвэл ,,туруу,, гэнэ. Жанжаар гэдэг нь халхын хантааз адил дээлэн дээр давхарлан өмсдөг өмсгөл. Цувыг ,,хэвнэг,, гэнэ. Бусад ястанаас онцгой өөр зүйл нь хөлийн өвдөг хамгаалсан гутлын түрүү ороосон ,, туушуу,, хэмээх халхавч хэрэглэдэг. Өвлийн малгайн орой нь 6 хошуу хөл угалз бүхий чимэгтэй, зангидсан товчтой, улаан цацагтай байв.
Үзэмчин нарын үүсэл гарлын xувьд газар ус, мод ургамал, байгалийн зан үйл, төсөөлөл багагүй уламжлагдаж иржээ. Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1959 он хүртэл тахигдаж ирсэн сүлд бол Өвөр Монголын Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны ,, хөдөө сүлд ,, байгаад 1945 онд ноён Дорж тэргүүтэй хэсэг бүлэг айл Монголд дагаар орж ирэхдээ авчирсан юм. Энэ сүлдийг ,,Чингисийн Алтан Дөрөө ,, гэх ба задалж үзвэл нүдний хараа буурна, нүгэл хилэнц нэмэгдэнэ гэсэн яриа нийтэд түгсэн учир гардан хадгалж явсан занги хүртэл дотор нь юу байгааг мэддэггүй байжээ. Аман ярианд Галдан Бошигт Манжтай хийсэн тулалдааны үед Соёлзын голд сүлдтэй тэргээ шаварт суухад хөлөглөсөн морио суллан авч шүтээнээ орхисон тул үзэмчин хошууныхан сүлдлэн авч тахисан гэдэг. Сүлдыг будаж гоёсон тэргэн дээр орой дээрээ алтан шармал ганжиртай, дээсээр зээглэж 4-н өнцөгт нь халз тавин гоёсон цагаан эсгий бүрээстэй тохилог мухлагт залдаг байв. Үзэж болохгүй тул наагуур нь хөшиг татсан байдаг.


HVIEZDA HERLANY , Denver, Colorado

No comments: