Thursday, October 15, 2009

ТОРГУУД


ТОРГУУД

Монгол нэгэн аймаг. Одоо Монгол улс, Оросын холбооны улс, БНХАУ-д бүлгээрээ оршин амьдардаг. Торгууд нь Хэрээдийн Ван xаны торгон цэргийн зохион байгуулалтаас анх үүссэн ба Монголын Их Гүрний бүрэлдхүүнд оролцон эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай. Тэд урьд нь Хангайн нурууны зүүнтэйгүүр нутаглаж байсан байна.
Торгууд гэдэг нэрийн тухай анх ,, Монголын Нууц Товчоо ,,-нд тэмдэглэхдээ Хэрээдийн Ван хан мянган турхагууд цэрэгтэй цэрэгтэй байсан бас Хамаг Монголын хаан Тэмүүжин ,, далан турагууд ,, цэрэгтэй байсан гэжээ. Энэхүү турхагууд, турагууд гэсэн үгийн үндэс нь турхаг буюу ,, -ууд ,, нь олон тоо болгон санаа илтгэсэн нөхцөл аж. Турхаг нь тураг, том биерхүү гэсэн утгатай монгол үг. Эл уг нь эдүүгээ хэлний хөгжлийн явцад богиносон тураг болоод турхагууд гэсэн үг сунжиран Торгууд нэр үүссэн бололтой.
Ойрад Монголын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэрргүүлэгч Хоо өрлөг ХVII зууны эхээр Цорос ( Өөлд ) зэрэг аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдлэн нутаглаад улмаар Хаант Орос улсад дагаар орсон одоогийн Халимаг улсын цөм болж байж. Хаант Орост дагаар орохоос өмнө нүүдлэн очсон газартаа оросуудтай найрсаг харилцан, XVIII зууны эцэс хүртэл бие даасан аймаг улсын байдалтай байлаа. Торгуудын нэг хэсэг нь хуучин нутаг Тарвагатайн газраа Зүүн гарын хаант улсын мэдэлд захирагдан суусан бөгөөд ХVIII зууны дунд үеээс Зүүн гарын хаант улс мөхөж Манж нар Тарвагатайн монголчуудыг байлдан дагуулах үед тэнд нутаглаж байсан Торгууд тайж Шийрэн (Шайрин) 1758 онд 10 000 албат өрхөө дагуулан Ижил мөрөн рүү одож тэнд 20-оод жил суув. Ингээд мөнөөхөн Шийрэн (Шайрин) болон бусад торгууд тайш Уваш ( Халимагийн хаан байсан ) нар харьяат албатынхаа хамт дөрвөн Ойрадын хуучин нутагтаа 1771 онд иржээ. Тэр цагт Манж нар Зүүн гарын хаант улсын газрыг эрхэндээ оруулсан байв. Тэгээд Манж нар 1771 онд торгуудыг хуучин, шинэ гэж ялгаварлаж хуучинд нь Ижил мөрөн рүү эрт явсан Хоо өрлөгийн угсааны ноёдын албат нарыг оруулан , Үнэн сүсэгтний чуулган хэмээн нэрийдэж, дөрвөн зам хувааж 10 засаг хошуу болгож одоогийн БНХАУ-ын Синьцзян (шинэ хязгаар)-т суулгасан ба шинэ торгууд нь 1750-аад онд Тарвагатайгаас нүүдэллэн одоод буцаж ирсэн Эзэнээ тайшийн удмын ноёдын харъяатуудыг багтаан Чин сэтгэлтийн чуулган хэмээн нэрлэж 2 засаг хошуу байгуулж, Ховдын Манж сайдад захируулсан нь эдүүгээ Монгол улсын Ховд аймгийн Булган аймгийн торгууд юм. Үүнээс Үнэн сүсэгтний чуулганыг Хоо өрлөгийн угсааны Уваш ноён захирч Зоригт xан цол шагнуулан Харшаар, Xовог сайр, хүр Хар ус, Цинхай, Эзэнээ голоор хүн ард нь нутаглах болжээ. Нөгөө Чин сэтгэлтийн чуулганд харъяалагдсан нэг xэсэг нь Булган, Чингэл, Цагаан гол, Хавтага, Өрөнгөөр нутаглаж, зарим нь Тарвагатайд суурьшжээ. Эднээс Булган голын торгууд нь 1771 оноос хойш Xовдын сайдад захирагдан 1773 оноос Булган голын сав Хавтага, Байтаг, Өрөнгөд батлан сууж , тэдний захирагч Шийрэн (Шайрин) ван нь Чин сэтгэлтийн чуулганы дарга болгож Зүүн гарыг даан, даргын тамга олгож 1773 оноос эхлэн үе улируулан залгамжилсан бол баруун гарыг нь баатар Уваш ханы хүү Шар хүүхэн бэйсээр мэдүүлэн хошууны бэйс өргөмжилж Учралт цол шагнан 1773 онд чуулганы дэд дарга тавьж засгийн тамга олсоноор Булганы торгууд нь 2 хошуу болж байршсан нь Булганы торгуудын ван, бэйсийн хошуу ажээ.
Торгуудын ноёд нь эртний монгол аймаг Хэрээдийн ван хааны удам угсаа гэгдэх Мэргэн эрхтний хойчис Бойгоо өрлөгийн үр Зулзаган өрлөгийн хүү Хос өрлөгийн удмынхан болохын зэрэгцээ Хоо өрлөгийн хүү Шүхэр дайчингийн ач гуч нар нь Халимагийн хаад Аюуки хан, Цэрэндондог хан, Дондог-Омбо хан, Дондогдаш хан, Уваш хан гэх мэт болноо. Тэгвэл Шийрэн ( Шайрин) тайжийн харъяат албат нар нь Хэрээдийн ваны 14 дахь үеийнх ба голдуу Булганы торгууд.
Торгуудын 2 хошуунд дагалдах маягаар хошууд нар нэг хошуу гэгдэх боловч үнэн хэрэг дээрээ ,, хондого,, байсан билээ. 1772 онд Манжийн хаанаас тэдэнд тусгайлан нутаг олгосон нь сурвалж бичигт ,, Торгуудын жүн ван Шийрэн (Шайран) үг дагаж орсон... Булган,Чингэл, Цагаан гол, Хавтаг, Өрөнгийн зэргийн газрыг түүнд шагнаж нутаглуулав. ,, гэсэн байдаг.
1792 онд торгууд бэйсийн харъяанд явсан хошууд тайж Буянхишигт нутаг олгон 1800 оноос тусгай хошуу (хондого) болгожээ. Хошуудын ихэнх нь Хөх нуурт нуурт нутагладаг бөгөөд Ижил мөрний халимагийн дотор нилээд болох ба монгол дахь нь эд болно. Тэд нар нь голчлон хошуудын Баатад овгийнхон аж. Угтаа хошууд нь Хабат Хасарын үр Энхсүмбэр тайжийн угсааны Эрх Төмөрийн 3-р үеийн ач Ханхонгорын ноёны хүү Байбагас баатрын үр удмын ноёдын харьяат аймаг болно.
Ийнхүү торгууд нь 1771 оноос эхлэн одоогийн нутагтаа байрлан суурьшсан бөгөөд 1783 оноос Хөцөс уул, Хар хэмээх газрыг цагдан байцаах харуулд суух болсон ба тариалан, мал аж ахуй, ан гөрөө эрхлэн амьдарч иржээ.
1899 он гэхэд торгуудын үлэмжхэн хэсэг нь Булган, Цагаан голын эх, Тарвагатайнд нилээд нилээд суурьшиж байсан бөгөөд эдгээр нутаг нь Монгол, Хятад хоёр улсын одоогийн хилийн дагуу нутаг юм. Түүнчлэн Тарвагатайн торгуудыг ,, цоохор торгууд ,, , Булган голын торгуудыг ,, үндсэн торгууд ,, хэмээн тэмдэглэсэн байдаг.
ХIХ зууны эхэнд торгуудын 2 хошуунд захирагч, мээрэн, сумын занги тус бүр хошоод, залан, занги тус бүр нэжгээд алба үзэх өрх 900 байжээ. Торгууд нар бэйл, гүн, буюу ах дүү хоёр ноён хоёр хошуу захирч дотроо таван суман болон манжийн захиргааний зэрэг дэвээр вангийнхан, бэйсийнхэн, бэйлийнхэн, тайжийнхан гэхчилэн нэрлэгдэж 20-р зууны эхээр тодорхой нэр бүхий хүмүүс тэднийг захирч байжээ. Торгууд хошуудын зохион байгуулалт нь халх хошуудтай нэгэн адил байсан. Торгуудыг хил орчмийн газар байлгаж албан татвар төлүүлэхийн зэрэгцээ ХХ зууны эхэнд Шар сүмд 250 гаруй цэрэг алба хааж байсан тухай Г. Е. Грумм Грижимайло тэмдэглэн үлдээсэн байдаг.
Торгууд хошуунууд нь 1912 оноос Богд Хаант Монгол Улсад дагаар орж харъяалад нь багтаж байгаад Ардын засгийн үед 1925 оноос Ховдын сайдын газар захирагдан Чандмань уулын аймагт давхар хамаарагхдаж байв. 1929 оны 11-р сард торгууд хошууны төлөөлөгчид, ардуудын хамтарсам анхдугаар хурлаас торгуудын гурван хошууг нэгтгэж ,, Булган мандал бүрэн хан уулын хошуу ,, хэмээн нэрийдэж , тамгын газрыг Баян судал гэдэг газар суурьшуулахаар тогтсон байна. 1931 оноос Ховд аймгийн харъяат Булган сум гэгдсээр одоо хүрчээ. Булганы торгуудын дотор Шаранхуд (Ширэнгүүд), Баргас, Бургуд, Шарнууд, Хэгэрид, Хэрээд, Шарас Замад (яамад), Мэргэд, Хойд, Хотдууд ( хасагууд), Бурдууд, Хошууд (Авжийнхан, Багшийнхан, Баатад, Егөс), Гучин өрх элхэнүүд буй.
Булганы торгуудын хошуу нутгийн байрлалыг одоогийн засаг захиргааны хуваариар жишиж үзвэл :
- 1-р бригадын нутаг - Хагшаал хавиар байх ба тэнд Хошууд, Тайжийнхан...
- 2-р бригадын нутаг - Тошилтоор бол хожим нутагласан Xасагууд ...
- 3-р бригадын нутаг - Булган голын дагуу Бэйлийнхэн...
- 4-р бригадын нутаг - Шархулсанд Вангийн торгууд, болон 1944 оноос нутагласан Ховог сайрын торгууд...
- 5-р бригадын нутаг - Энд Бэйлийн торгууд сууна.
Булган голын торгууд хошууны нутагт суулд ирж нутагласан ястан угсаатан гэвэл Ховог сайрын торгууд,цөөн тооны хасаг болно. Ховог сайрын торгууд нь Ховог гол, Сайр хэмээх уулаар нутаглан сууж байсан Бага Цоохор торгууд гэгч болно. Их Цоохор торгууд гэдэг нь Харшаар, Эрээн хавирга гэдэг газар 54 сум болж байжээ. Түүнээс гадна Ил гэдэг газар 14 сум торгууд бий.
Ховог сайрын торгууд нь хуучин 3 хошуу болж байжээ. Үүнд:
- 1. Он (Ван)-гийн хошуу - Их бага зүүн баруун сум.
- 2. Зургаан суман хошуу ( их бага зүүн баруун, шимнэр шавь нар), хошууд зэрэг 6 сумтай
- 3. Засгийн хошуу ( Боорс, Жалайхан, Гэхэрэн, Мааныхан зэрэг 4 сум ) болох ба 3 хошууг Он (Ван) нь ахлан Өрөмчийн жанжинд захирагдаж байжээ. Ингээд 1944 онд Пагва хэмээх хүний удирдлагын доор Монгол руу шилжин нүүж Булганд нутагласан байна.

,, Ховог голын ус нь
Хоёр хургун (хуруу) тостой
Хоёр цоохорын залуучууд
Нийц болон оюутай...,,, Цоохор торгуудын тухай дууны хэсгээс


HVIEZDA HERLANY, Denver, Colorado

No comments: